Play all audios:
Улсын баяр наадам дөхөж байгаа энэ үед айсуй наадмын бөхийн барилдааны таавар, талцал хөдөө гадаагүй хөглөрч байдаг сан. Энэ жил тун намдуухан байна. Арга ч үгүй. Цар тахалтай холбоотойгоор
өнгөрөгч нэгдүгээр сараас ямар нэгэн хэмжээний барилдаан болоогүй. Тэгэхээр бөхийн хорхойтнууд чухам хэн, хэн хэрхэн шөвгөрч, хэн түрүүлэх, хэдэн цолтон төрөх тухай таамаг дэвшүүлэх нь их л
тэнэг зоригтой хүний хийх ажил гэж бодсон бололтой. Гэвч наадмын чимээ цээжний алсаас огшин наашилж байгаа энэ үед ямар ч Монгол эр хүн нэгийг тунгаан, хоёрыг эргэцүүлэн догдлохоос өөр
аргагүй билээ. Тиймээс бөхийн зүтгэлтэн, мэргэжилтэн биш ч дэмждэг бөхчүүдийнхөө дээлийн захыг сэтгэлдээ мушгиж суудаг Монгол эр хүний хувиар бүдүүнээс бүдүүн зүрх гаргавай. Яагаад болохгүй
гэж. Өнгөрөгч сарын сүүлээр манай сонины дугаарт Улсын аварга С.Мөнхбатын өгсөн ярилцлагаас харвал бөхчүүд маань хэдийгээр барилдаан болохгүй, бөөнөөр бэлтгэл хийж, хүчээ үзэх боломжгүй
байгаа ч бэлтгэл, сургуулилтаа таслалгүй хийж байгааг дуулгажээ. Баттай мэдэж байгаагаар бол энэ жилийн наадмаар дээгүүр барилдах бөхчүүдийн нэг Улсын аварга Э.Оюунболд лавтай барилдахгүй.
Тэгэхээр сүүлийн жилүүдэд баяр наадмын бөхийн хоймор эзэлж, энэхэн цагтаа тодорч байгаа Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нарын хувьд
дээгүүр барилдана гэх таамаг бол мөнхөд байсаар байна. Гэхдээ эдгээр өндөр цолтнуудаас түрүү бөх тодрохгүй ч Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрт хүрэх магадлал бий. Түүнд байнгын бэлтгэл
сургууль, барилдаан гэхээсээ илүүтэй жин тээж яваад зодоглодог, эрлээр явж байгаад таарсан наадамдаа барилддаг Монгол хүний уугуул чанар байдаг учраас бусдаас илүүрхэх нь гарцаагүй. Өөрөөр
хэлбэл уугуул чанар нь түүнийг түших магадлалтай юм. Н.Батсуурь аваргын хувьд ч ийм хэв шинж агуулагдаж байдаг гэдгийг бөхийн хорхойтнууд ярьдаг. Харин аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс,
Ц.Содномдорж нарт байнгын бэлтгэл, барилдаан хэрэгтэйг ч дурдсан нь бий. Тэд бол яах аргагүй жигдхэн бэлтгэл, асар их хөдөлмөрийн үрээр өндөр цолонд хүрч бэлтгэгдсэн мэргэжлийн бөхчүүд. Энэ
утгаараа үзүүрт хүрч барилдах Ц.Содномдорж, их шөвөгт үлдэх П.Бүрэнтөгс нарын даваа хасагдах байх гэж тооцоолжээ. Эдгээрээс гадна Улсын заан Н.Жаргалбаяр, С.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр,
М.Өсөхбаяр нар зодоглох байх. Улсын гарьдуудаас Б.Гончигдамба, Н.Ганбаатар нар барилдах ч их дээгүүр барилдахгүй л болов уу. Таамаглахад хоёр гарьдын хувьд аль аль нь тавын даваанд өвдөг
шороодно гэх. Хоёр гарьдын хувьд нутгийн бөхчүүдээ дэмжиж байж ч болох юм. Гэхдээ эрэмбэ ч ийн таарч байгааг нуух юун. Энэ жилийн баяр наадамд харцагуудаас О.Хангай баяр наадамд шуугиан
тарина, тарих тарихдаа түрүүлэх бөхөөр нэрлэгдэж буй. Бөхийн хорхойтнуудын таамаглаж байгаагаар тэр тав, зургаагийн аль нэг даваанд нутгийн бөх Б.Бат-Өлзий харцагатай тунаж давснаар замаа
засна. Эсвэл аварга арслангуудын нүд сэтгэлд багтахгүй халгиж байгаа шинэ төрсөн начингууд ч түүнтэй тунаж болно. Баяр наадмын тэргүүн магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга
Г.Эрхэмбаяр нар дэвэх ч тэд аанай л тодорхой зорилтот даваандаа л хүрэх болов уу. Тэгвэл харцага Д.Анар яах аргагүй дээгүүр барилдана, дээгүүр даваанд ч тунаж мэднэ. Энэ жилийн баяр наадмын
зургаагийн даваанд яахаас ч буцахгүй О.Хангай, Б.Бат-Өлзий, Д.Анар гэсэн гурван харцага аль нэгэнтэйгээ тунах аюул гарцаагүй харагдана. Зургаагийн даваанд тав давж начин болсон 3-4 хүн
аманд очиж, энэ гурван харцгаас цолны эрэмбээр ам авах тохиолдол Н.Жаргалбаяр заанд ирж болох юм. Зааныг хүнд гэмтэлтэй, барилдахгүй гэж байгаа ч бэлтгэлдээ гарсан, нэлээд өнгөлөг байгааг эх
сурвалж дуулгасан. Барилдах эсэхийг мэдэх юм алга. Хэрэв барилдахгүй бол С.Пүрэвсайхан заан эрэмбэ эдэлнэ, гайгүй ч барилдах байх. Хоёр харцага тунана гэхээр олны таавар таамаг чамгүй
эвдэгдэнэ. Хөдөлгөөнтэй, яаж ч мэдэх Т.Баасанхүү харцага цолоо ахиулж дээшээ барилдахгүй ч тав, зургаагийн даваанд П.Бүрэнтөгс арслан түүнийг амлан авснаар өөрөө унана гэх барин тавин төлөг
буулгажээ. Ингэхээр дээгүүр суудалтай бөхчүүдээс П.Бүрэнтөгс арслан энэ жилийн наадамд дээшээ барилдахгүй гэсэн үг. Харин зургаагийн даваанд Т.Баасанхүүг Улсын аварга Н.Батсуурь,
Ч.Санжаадамба нарын аль нэг нь амлан авснаар түүний даваа дуусна гэх. Тэгэхээр долоогийн даваа буюу шөвгийн наймд ийм зураг харагдана. Үүнийг би бөхийн хорхойтнуудтай хамт зураглаж байгааг
болгооно биз ээ. Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, Улсын начин Э.Энхбат, Б.Орхонбаяр, харцага Д.Анар, барилдвал заан Н.Жаргалбаяр, магадгүй заан
Н.Түвшинбаяр, С.Пүрэвсайхан хоёр, нэгийн зэрэг аймаг, цэргийн цолтон ороод ирэхийг бас үгүйсгэхгүй. Энд бол тааварлаж, таамаглах аргагүй. Юутай ч энэ даваанд дээгүүр тааварт байгаа
Н.Батсуурь өвдөг шороодно. Шороодохдоо начин Э.Энхбат юм уу, шинээр тодорсон цолгүй нэгэнд өвдөг шороодох таамаг хүргүүлжээ. Тэр тусмаа ёстой битүү морьд шиг олон сайн начин, аймаг цэргийн
цолтнууд бий. Тамаглаж байгаагаар өнгөрөгч жил начин болсон Б.Орхонбаяр цолоо ахиулах байх. Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат зааны болзол хангах боломж аль аль талаасаа
харагдана. Түүний нэг даваа нь Улсын заан Н.Түвшинбаяр. Үүнээс харахад Н.Түвшинбаяр заан зургаа юм уу, тавын даваанд Э.Энхбатыг тунаанаас гаргаж, даваа өгнө. Энэ утгаараа энэ жилийн наадмаас
нэг заан цолтон төрнө. Ийн зураглаж байгаагаар бол шөвгийн дөрөвт Улсын аварга Ч.Санжаадамба, арслан Ц.Содномдорж, начин Э.Энхбат, харцага О.Хангай, барилдвал Н.Жаргалбаяр, үгүй бол Д.Анар
нар үлдэх зураглал харагдана. Ийнхүү цолны эрэмбээр Ч.Санжаадамба аварга начин Э.Энхбатыг амлаж, Ц.Содномдорж, О.Хангай, эсвэл Д.Анар орж ирснээр тунах магадлал бий. Байнгын бэлтгэлд байдаг
Ц.Содномдорж арслан дөрөвт үлдэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй ч бөхийн хорхойтнууд түүнийг шөвгийн дөрөвт бүү хэл үзүүр түрүүнд үлдээн таамаглаж байгаа учраас дурдахаас өөр арга байсангүй.
Ингэхээр хоёр заан төрөх ховорхон тохиолдол ч гараад ирэхийг үгүйсгэхгүй. Олны таамаглаж төлөглөснөөр ийнхүү О.Хангай түрүүлж, Ч.Санжаадамба үзүүрлнэ, эсвэл Д.Анар гэжээ. Манай төлөгчдийн
буулгаж байгаагаар бол дээгүүр даваанд ийм хэмжээний барилдаан өрнөх аж. Харин таамаглахын аргагүй барилдаанууд харцага, начны даваа буюу түүнээс доош даваанд өрнөхийг надаар хэлүүлэх юун.
Дээрх таамагт явж буй аварга, арслан, заан, начингуудаас ч дор даваанд өвдөглөх нь цөөнгүй. Ийм тохиолдол дор даваанд өрнөх шалтгаан бий. Учир нь цар тахалтайгаар холбоотой ямар нэгэн
барилдаан сүүлийн зургаан сарын турш зохион байгуулсангүй. Тэр тусмаа аймаг, цэргийн цолтой нөхдүүд бол ёстой битүү морьд л гэсэн үг. Аварга, арслан гээд цолтнуудын баримжаа алдагдсан
байгаа. Ямар ч аавын хүү хөл хорионы дэглэмд сайн бэлтгэлээ базаагаад зоримог шийдэмгий мэх хийхэд хэнийг ч аваад хаяж болно. Өнгөрөгч жилийн барилдаануудад тодорч байсан аймаг, цэргийн
цолтнууд бол юу ч бэлдсэн байж болно. Тэднээс бол тэгнэ гэхийн аргагүй шийдмэг мэх ирнэ. Нөгөө талаар өндөр цолтнуудын нүдэнд тэгтлээ өртөөгүй зодгондоо өссөн залуус ч гэнэт гарч ирнэ.
Дөрөв, тав, зургаагийн даваанд эрэмбээрээ орж ирэх харцага, начингууд бас бий. Харцагуудаас Ө.Даваабаатар, А.Бямбажав, А.Цацабшир, Ш.Мөнгөнбаатар гээд цолныхоо эрэмбэд хүрч барилдах бөхчүүд
байгаа. Магадгүй цолоо баталж, улмаар даваа ахих харцага байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ эдгээрээс зааны даваа хүрэх нь юу л бол. Начин гэвэл дээр дурдсан Б.Орхонбаяр бол ямартай ч өсөж
барилдана. Олон бөхчүүдийн байр сууриас харж байхад тэд бөхийн хорхойтнуудын уухай дуунд хүч тамир сэлбэж байдаг аж. Үзэгчдийн уухайд их учир байгааг ч алдартай бөхчүүд олонтаа хэлсэн
байдаг. Харин энэ жилийн наадмыг үзэгчгүй гэж болохоор зохион байгуулахаар Улсын онцгой коммисоос шийдвэрлэсэн. Үзэгчдийн сүр хүчээр даваа ахиулж байдаг бөх байхыг хэн байг гэхэв. Хэрэв тийм
бөх байдаг бол даваа буурах л байх. Ямартай ч бөхчүүд маань цол чимгээ дуудуулан эр бяраа гайхуулах тэр л агшин сэтгэлийн тотгоор уухайлан байнам.